Сүхбаатар аймгийн Мөнххаан сум, Баян-Уул Хоёрдугаар багийн малчин Баттөрийн Шинэсүлд /нутгийн болон ойрын хүмүүс түүнийг Палам гэдэг/
Эднийх Баян уулын Дэлт чулуут гэдэг газар өвөлжиж байна. Алсаас бараалах том уулаар нь Баян уул гэж нэрлэх олон бууц, өвөлжөөтэй энэ уулын аль нэг амаар нь явж орвол олон аараг толгод байх бөгөөд нутгийн бүдэг тод замын аль нэгийг дагаад явбал хэн нэгний өвөлжөөнд хүрнэ. Паламынх хойгуураа өндөр уултай, өмнө болон баруун талаараа багах толгойтой, нөмөр болов уу гэмээр хонхорт өвөлжөөгөө барьж төвхнөжээ.

Монголчууд өвлийн ид хүйтнийг есөн ес наян нэгэн өдөрт дүйцүүлэн тооцох бөгөөд эдгээр есөө гуравт хуваан балчир гурав, идэр гурав, өтөл гурван ес хэмээн нэрлэнэ. Идэр гурван есийг илүү хүйтэнд тооцно. Олон жилийн дунджаар ч тийм л байдаг. Паламынд дөрөө мултлахуйд идэр гурван есийн эхнийх ес эхлэх өдөр тохиолоо. Энэ өвлийн хамгийн хүйтэн өдрүүдийн нэг гэсэн үг. Эртний энэ есийн тооллыг батлах мэт салхигүй тогтуун хэрнээ гадаа гарах төдийд хацар нүүр чимчигнүүлнэ.
Орчин үеийн блокоор малынхаа хашаа пүнзийг барьж, дээвэр дээр нь өвсөө хураажээ. Цэвэрхэн цэгцтэй юм. Эднийх сүүний чиглэлэийн үнээ голлон маллаж байна. Бог буюу хонь ямаагаа ахындаа тавьсан гэнэ. Богоо төллөх дөхөхөөр ахынтайгаа айл бууж, хаваржина гэж байна.
Палам ингэж ярьж байна. “Багаасаа эцэг эхээ дагаж мал малласан. Бие даан малчин болоод 13 жил болж байна. Гэрлээд 10 жил боллоо. Дэлт чулуут хэмээх энэ бууцан дээр өвөлжөө барьж төвхнөөд гурван жил болж байна. Манай энэ тал, хялганат хээр хосолсон, хангай говийн завсар нутагт өвлийн ид хүйтэн дунджаар 60 хоног үргэлжилдэг. Бүр нарийвчилбал тасхийсэн айхтар хүтэн 10 хоног л үргэлжилнэ. Энэ жилийн тухайд ойрын хүйтэн өдрүүдийг эс тооцвол өнтэй сайхан байна. Мал тарга тэвээрэг сайтай болохоор түр зуурын цочир хүйтрэлд давгүй байна. Нэг ч мал хорогдоогүй. Хоёр жилийн өмнө буюу 2024 оны зуднаар 200 гаруй бодноос 40-тэй л үлдсэн. Айхтар хатуу жил таарсан. Огт малгүй болсон хүмүүсийг ч алийг тэр гэхэв.

Зууны аагим халуун бол харин 30 орчим хоног үргэлжилнэ. Хэдийгээр тийм халуун өдрүүд үргэлжилдэг ч өглөө нар битүүгээр адуунд мордоход хөвөнтэй дээлээ л өмсөхгүй бол жиндүүлдэг. Үүнээс үзэхэдэ өдөр шөнийн ялгаа, градусын зөрүү ихсэж байна уу гэж анзаарагдах болж. Мөн байгалийн гэнэтийн үзэгдлүүд тохиолдох нь элбэг болж байна. Гэнэтийн аадар мөндөр орох, салхи шуурга дэгдэх, зуны эхэн сард цас орох зэргээр тэнгэрийн зан аашийг улам л тааж тааварлашгүй болох нь. Зуны тухайд бороо цагтаа орохгүйгээс зун оройтох, намар тааруу болох нь энүүхэнд.
Бэлчээрийн ургамлын төрөл зүйл бас ховордож байна уу гэж ажиглагддаг. Хаа газар элбэг байсан сөд өвс ховордлоо. Тал энгэрийг хүрэнттэл ургадаг байлаа шүү дээ. Мангир мөн ховордлоо. Нэрлэж сайн мэдэхгүй ч энэ мэтээр бэлчээрийн элбэг байсан ургамал цөөрөөд байх шиг.
Хэцүү бэрхшээлийг даван туулах, дасан зохицохын тухайд өвгөдөөс өвлөсөн малч ухаан л голлох болов уу. Хувийн бэлтгэлээ сайтар хангаж, хашаа хороо, худаг ус, өвс тэжээлээ сайн бэлтгэх, отор нүүдлийг халшралгүй хийх зэргийг нэрлэж болох болов уу. Жишээ нь их хүйтэн өдрүүдэд малынхаа хашааны салхин талд нь утаа май тавьж хот хороогоо бүлээцүүлэх, малаа ангилан хаших уламжлалуудаа орчин үеийн мал маллагааны арга ухаантай хоршуулан үзэж л байна. Хамгийн наад зах нь гэрээ малынхаа хорооны дээд талд, салхинд нөмөр болохоор барихаас л эхэлнэ шүү дээ. Бог малыг өвөл төллүүлбэл хавар нь төл сэнсэрнэ гэдэг ч юм уу. Олон арга бий л дээ. Орчин үеийн маллагааны тухайд хот хороондоо хяналтын камер тавих зэргээр эхлүүлж байгаа. Наад зах нь хулгайгаас сэргийлнэ. “Хулгай хаяанаас” гэсэн үг ч бий. Байршил тогтоогч JPS том малд суурилуулна гэж бодож байгаа.



Баячуудын зугаа олон мал, тэр дундаа адуу бэлчээрийг их талхалж байна. Яг манай багт одоогоор гайгүй байгаа ч сумаас зүүн тийш, бидний отор хийдэг бүс нутгаар мөнгөтэй хүмүүсийн адууг хэдэн зуугаар нь оруулж ирж, өвөлжингөө айлын хаваржаа зуслангийн бэлчээрийг сүйтгэж байгаа нь илт харагдаад байх болж.
Малчдад оногдуулж буй малын хөлийн татварын тухайд их бага гээд хэлээд байх зүйлгүй дээ. Болоод л байна. Өвөлжөө бууцыг гэрчилгээжүүлж эхэлж байна. Үүнийг өнгөц харвал нэг нэгэндээ зарж арилжихад л хэрэгтэй зүйл шиг. Дагах олон сайн тал бий байх гэж найдаж л байна.
Монгол мал, монгол хүн хоёр энэ хахир хатуу цаг агаарын байдал, нутаг орны онцлог, дэлхийн дулаарал энэ тэртэй холбоотой огцом өөрчлөлтүүдийг даван туулна гэдэгт итгэдэг. Монгол мал ямар ч цас шуургатай байсан бэлчээртээ гарна. Буцаад өөрсдөө ирэх чадвартай. Нутгаа мэддэг. Уруудах нь бараг үгүй. Эрлийз мал бол хүйтэнд бэлчээд ч идэшлэх чадвар муу, цас шуурганд цаашаагаа л явдаг. Тэгэхээр дасан зохицох гэж үүнийг хэлэх болов уу. “Монгол малчин хүн морьтойгоо байхад тэгээд болно доо” гэж хэлэх дуртай. Тэгж ч бодож, хичээж явна. Өвгөдийнхөө ухааныг шүтэн, хувийн бэлтгэл юмаа сайн хийчихсэн байхад мал маллах дэндүү сайхан даа. Цас зудтай зүтгүү жил, цочир хүйтэн өдрүүдэд малчин хүн морь нь явах боломжгүй болсон ч явганаар ч болсон малынхаа араас явдаг. Үүнийг тэсвэр тэвчээр гэх болов уу. Сар одгүй, тас харанхуй шөнө морьтойгоо явж байгаад төөрөхөд жолоогоо сул тавьчихад унаа маань гэрээ олоод ирдэг. Энэ нь магадгүй зөвхөн монгол моринд байдаг онцлог болов уу.
Өөрөө залуу хүн ч гэлээ бидний халаа, залгамж болсон залуу малчид, залуу гэр бүлүүд ховор байгаад сэтгэл эмзэглэж л явах юм. Залуу малчдыг дэмжих элдэв оновчтой төсөл, хөтөлбөр байдаг бол одоо л хэрэгжүүлэх хэрэгтэй цаг нь болж. Хоёр жилийн өмнөх зуд олон залуугийн хүслийг мохоож, сум суурин цаашлаад хот бараадахад хүргэсэн дээ” гэх зэргээр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж байлаа.
Паламын эхнэрийг Сүхбаатарын Шинэзул гэдэг. Сэлэнгэ аймгийн Зүүнхараагаас энэ нутгийн бэр болж иржээ. Ажилч хичээнгүй бүсгүй юм. Энэ нутагт төдийлөн элбэг таараад байхааргүй сүү цагаан идээгээ боловсруулж, өрөм ааруул зэрэг бэлэн болсон бүтээгдэхүүнээ сум аймаг, нийслэлийн зах зээлд нийлүүлдэг. Тиймдээ ч эднийх сүүлийн жилүүдэд сүүний чиглэлийн үхэр голлон өсгөж, ашиг шимийг нь хүртэж байна. Холбож барьсан том бага гэрийнхээ үүднийхийг ажлын байр, цагаан идээ боловсруулах “цех”-ээ болгожээ. Өвлийн энэ өдрүүдэд ч хэвийн ааруул, бусад цагаан идээгээ боловсруулсаар л. Уламжлалт сар шинэ дөхсөн тул захиалга их байна гэж байлаа.
