Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум бол Баяндэлгэрийн улаан үүлдрийн ямааны үндсэн тархалтын бүс юм. Энэ бүс нутагт уг ямааны ноолуурын чанар, гарцыг сайжруулах, амьдын жин, тэсвэрт чанарыг нэмэгдүүлэх үржил, селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх шаардлага өсөн нэмэгдэж байна.

Тиймээс “Дасан зохицохуйн зам” төслөөс “Баяндэлгэрийн улаан ямааны цөм сүргийн ашиг шимийг сайжруулах” дэд төслийн хүрээнд Баяндэлгэрийн улаан ямааны ашиг шимийн өнөөгийн түвшинг тогтоох, цөм сүргийг шинэчлэн бүрдүүлэх, генетик нөөцийг хамгаалах, ноолуурын өнгө, голч, урт зэрэг техникийн шинж чанарыг сайжруулах, бохир гарцыг нэмэгдүүлэхзорилтот үржил, селекцийн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Дээрх ажлын хүрээнд Баяндэлгэр сумын Дэлгэр, Дөхөм багийн ямаан сүрэгт хувьсын ангилалт хийн, ноолуурын дээж авч шинжлэх, ноолуурын гарц тодорхойлох, дараагийн сонгон үржүүлгийн суурь мэдээлэл бүрдүүлэх ажил 2026 оны 3-р сарын 24-нөөс 4-р сарын 4-ний өдрүүдэд хийгдлээ.
Ажлын хэсэгт Сүхбаатар аймгийн ХХААГ, Баяндэлгэр сумын ЗДТГ, Дэлгэр болон Дөхөм багийн удирдлагууд, “Нутаг академи” ТББ, “Баруун бүслүүр хоршоо” мал үржүүлэг, технологийн нэгж, төслийн багийн төлөөлөл оролцов.

Ажлын хэсэг 3 багт хуваагдаж, тус тусын батлагдсан замналын дагуу ажиллаж, 27 айл, ухны 4 суурь, нийт 31 малчин өрхийн 900 толгой ямаанаас ноолуурын дээжийг арга зүйн дагуу авч, хаяглаж лабораторит шилжүүлэхэд бэлэн болгосон. Мөн Дэлгэр, Дөхөм багийн 4 ухны суурийн нийт 260 ухнад хувьсын ангилалт хийж, шаардлага хангасан Дэлгэр багийн 73, Дөхөм багийн 72 ухны хаврын амьдын жин, ноолуурын гарцыг тодорхойлж, ноолуурын дээж авч ээмэглэж бүртгэлжүүллээ.

Тус дэд төслийн хүрээнд 2025 онд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Дэлгэр багийн 17 малчин өрхийн зүс, галбирын шалгуур хангасан 605 ямааг зохиомол хээлтүүлэгт хамруулсан. Дээрх эм ямааны ноолуурын гарц, чанарын үзүүлэлтийг тодорхойлж, шалгуурт тэнцсэнээс “цөм сүрэг”-ийг бүрдүүлнэ. Цаашид уг үүлдрийн стандарт шаардлагыг хангасан өсвөр хээлтүүлэгчийг энэхүү “цөм сүрэг”-ээс бойжуулан малчдад нийлүүлэх замаар Малын генетик нөөцийн тухай хуулийг орон нутагт хэрэгжүүлэх, Баяндэлгэрийн улаан үүлдрийн ямааны генетик нөөцийг хадгалах, тогтвортой сайжруулах ажлыг Малын үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгжид тулгуурлан зохион байгуулж, сумын удирдлага, мэргэжилтнүүд, малчдын оролцоог Нэг эрүүл мэндийн хүрээнд ханган ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.


Үзлэг, ангилалтын үеэр “Дасан зохицохуйн зам” төслийн захирал Б.Батхишиг болон Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга Д.Аваажигмэд нар газар дээр нь хэрэгжиж буй ажлын явц, бодит нөхцөл байдалтай танилцаж, малчдад төслийн зорилго, ач холбогдол, “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалын хүрээнд хүн, мал, байгаль орчны уялдаа холбоог таниулах мэдээлэл өгч, малчдын санал, хэрэгцээг сонсож, цаашдын хамтын ажиллагаа, оролцоог сайжруулах талаар санал солилцов.
