Дасан зохиоцохуйн зам” төслийн нэгэн гол бүрэлдэхүүн хэсэг бол зах зээлд суурилсан урамшуулал ба нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх юм. Энгийнээр хэлбэл, малчдын уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлийг даван тэсвэрлэх чадварыг сайжруулж, малын гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх боломжийг эрэлхийлж, малчдын амьжиргааг дэмжихэд төслийн тодрохой үйл ажиллагаа чиглэх юм. Энэ хүрээнд “Сүхбаатар аймгийн болон төслийн зорилтот сумдад ноос, ноолуур, мах, арьс ширний салбарт чиглэсэн олон улсын болон үндэсний ногоон санхүүжилтийн үнэлгээ”-г Санхүү эдийн засгийн их сургуулийн багш, судлаач Б.Мөнхзаяатай хамтран гүйцэтгэлээ.

- Судалгааны зорилго: Төслийн зорилтот бүс нутаг болох Сүхбаатар аймаг болон 5 сум (Сүхбаатар, Баруун-Урт, Мөнххаан, Баяндэлгэр, Дарьганга)-ын ноос, ноолуур, мах, арьс ширний өртгийн сүлжээнд ногоон санхүүжилтийн боломж, хэрэгцээ, хүртээмжийг үнэлж, “Нэг эрүүл мэнд” зарчимд нийцсэн тогтвортой санхүүжилтийн загвар, замын зураг боловсруулахад чиглэсэн болно.
- Судалгааны хамрах хүрээ: Монгол Улсын Сүхбаатар аймгийн нийт 3.0 сая га орчим газар нутаг бүхий 5 суманд ноос, ноолуур, мах арьс, шир, цагаан идээ гэх зэрэг малын мал аж ахуйн бүтээгдэхүүнийг хамаарч, тус бүс нутгийн малчин өрх, ченж, банк, Засгийн газрын хөтөлбөрүүдийг шинжилгээний нэгж болгов.
- Судалгааны арга зүй: тоон болон чанарын арга
Сүхбаатар аймгийн хувьд Монгол Улсын ноолуур, махны стратегийн бүс нутаг бөгөөд өргөн бэлчээр, мал аж ахуйд тулгуурласан эдийн засагтай ч уур амьсгалын эрсдэлд өндөр өртөмтгий байна. Ялангуяа 2023–2024 оны зудын үед тус аймаг нийт малынхаа 47.1%-ийг алдаж, 1.8 сая толгой мал хорогдсон нь бүс нутгийн эдийн засаг, өрхийн амьжиргаанд ноцтой цохилт болсон. Зудын улмаас малын хорогдол эрс нэмэгдэж, малын гаралтай бүтээгдэхүүний нийлүүлэлт буурч, өрхийн орлого тасалдах, зээл, өрийн дарамт нэмэгдэх, нийгмийн хамгаалалд хамрагдсан иргэд цөөн байгаагаас санхүүгийн эмзэг байдал нэмэгдэж байна.



Өрхийн түвшний судалгаагаар судалгаанд хамрагдсан 5 сумын өрхийн 73% нь бага орлоготой, 66% нь зээлтэй, зөвхөн 21% нь хуримтлалтай байгаа нь байгаль цаг уурын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар сул байгаа ч малын тоо толгой, хуулийн этгээдийн тоо, зээлийн өсөлт зэрэг үзүүлэлтээс харахад дасан зохицох, шинэчлэгдэн өөрчлөх чадвар тодорхой түвшинд байгааг харуулж байв.

Сүхбаатар аймаг нь мал аж ахуйд суурилсан боловч байгалийн нөөц, газарзүйн байршил, дэд бүтэц, аялал жуулчлалын боломжуудыг хослуулсан хөгжлийн олон тулгууртай бүс нутаг юм. Иймд эдгээр давуу талуудыг зөв ашиглаж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, ногоон санхүүжилт, аялал жуулчлал болон хил дамнасан худалдаатай уялдуулан хөгжүүлэх нь аймгийн тогтвортой хөгжлийн гол чиглэл байх боломжтой.

Судалгаанаас харахад Сүхбаатар аймгийн хувьд:
- Мал аж ахуйн өртгийн сүлжээ сул, албан бус, гарал үүслийн баталгаажуулалт хангалтгүй;
- Ногоон санхүүжилтийн эрэлт өндөр боловч орон нутагт хүртээмж, бүтээгдэхүүний төрөл хязгаарлагдмал;
- Санхүүгийн байгууллагуудын эрсдэлийн үнэлгээ, барьцааны шаардлага малчдад өндөр;
- Эмэгтэй малчид, жижиг үйлдвэрлэгчдийн санхүүжилт авах боломж хязгаарлагдмал байна.
Иймд орон нутагт “Нэг эрүүл мэнд” зарчимд суурилсан тогтвортой өртгийн сүлжээг бий болгох, түүнд оролцогч талуудыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулах хэрэгцээ шаардлага үүсэж байна. (RT Annexe 1 – UNCCD, 2024)

Сүхбаатар аймгийн эдийн засаг нь мал аж ахуйд тулгуурласан хэдий ч энэ салбарын суурь нөөц уур амьсгалын эрсдэлд өндөр өртөмтгий хэвээр байна. Тухайлбал, 2017–2022 онд малын тоо өссөн боловч 2024 онд огцом буурсан нь зуд, ган зэрэг шокын нөлөө эдийн засгийн тогтвортой байдалд шууд нөлөөлж байгааг харуулж байна.
Сүүлийн жилүүдэд санхүүжилтийн хэмжээ мэдэгдэхүйц өссөн бөгөөд нийт зээл 2017–2025 онд гурав дахин нэмэгдсэн байна. Гэвч энэ өсөлт нь малчин өрхийн өсөлтөөс хавьгүй хурдтай явагдаж, нэг малчин өрхөд ногдох зээлийн хэмжээ 2.7 дахин өссөн нь өрхийн санхүүгийн ачаалал нэмэгдэж байгааг илтгэж байв. Одоогийн байдлаар зээл олголт эдгээр сумдад 200 орчим тэрбум байгаа ба малын тооноос хамааран 350 тэрбум хүртэл нэмэгдэж болох ба цаашид ногоон зээлийг 7.5-12.5 дахин нэмэгдүүлснээр тогтвортой мал аж ахуйн салбар хөгжих суурь тавигдана гэж судалгааны үр дүнгээс дүгнэв.
Судалгааны зарим зөвлөмжөөс хураангуйлан хүргэвэл:
- Аймгийн түвшинд “Малчин эмэгтэйчүүдийн санхүүжилтийн хэрэгсэл” бий болгож, тэжээл бэлтгэл, анхан боловсруулалт, жижиг үйлдвэрлэл, орлого төрөлжүүлэх чиглэлд бичил болон дунд хэмжээний санхүүжилтийг дэмжих;
- Барьцаанд суурилсан уламжлалт зээлийн загварыг орлогод суурилсан болон бүлгийн батлан даалтын механизмаар нөхөх;
- Санхүүжилтийг сургалт, зөвлөх үйлчилгээ, санхүүгийн боловсролтой уялдуулах;
- Санхүүжилтийн бодлогыг ногоон санхүүжилт болон “Нэг эрүүл мэнд” зарчимтай уялдуулж, бэлчээрийн менежмент, усны нөөц, малын эрүүл мэнд, хөдөлмөр хөнгөвчлөх технологийг дэмжих чиглэлд төвлөрүүлэх;
- Бодлогын хэрэгжилтийг хангахын тулд аймаг, сум, санхүүгийн байгууллага, хоршоо, хөгжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, эмэгтэй зээлдэгчдийн хувь, ногоон санхүүжилтийн хэмжээ, өрхийн орлогын өсөлт зэрэг үзүүлэлтээр тогтмол хянах.
