SIGN IN YOUR ACCOUNT TO HAVE ACCESS TO DIFFERENT FEATURES

FORGOT YOUR PASSWORD?

FORGOT YOUR DETAILS?

AAH, WAIT, I REMEMBER NOW!

Resilient ThreadsResilient Threads

  • Нүүр
  • Бидний тухай
    • Хамтрагч байгууллагууд
  • Мэдээ
  • Холбоо барих
1
Wednesday, 15 April 2026 / Published in Нутгийн зон

Монгол мал, малчинд өөрийн гэсэн нууц бий гэж итгэдэг

Дарьганга сум, Бадрах хоёрдугаар баг, Шилийн Богд хайрханаас баруун хойд зүгт 14 км-т, Таван толгой хэмээх газар өвөлжиж буй малчин М.Батжаргал.

Монголын хамгийн олон галт уултай сум бол Дарьганга. Гэхдээ 200 гаруй хэмээсэн тойм тоогоор илэрхийлэгддэг эдгээр галт уулыг бүгдийг нь сөнөсөн хэмээн тодорхойлдог. Эх орны зүүн урд хилийн шугамын дагуу орших алдарт Шилийн Богд хайрхан сумын төвөөс зүүн тийш 70 орчим км-т байх. Монгол эрчүүдийн хийморийг тэтгэдэг хэмээн итгэж, сүсэглэн биширдэг энэ хайрханд очих олны хөл өвөл зун гэлтгүй үл тасарна. Хангайн хүнд бол “талын намхан толгой”, талын хүнд бол алсаас бараатай, хүндлэн бишрэм сайхан энэ уулаас баруун хойш хараа барааны газарт Таван толгой хэмээх багахан холбоо толгод байна. Тэрхүү холбоо толгойн өвөрт мачин Мажигсүрэнгийн Батжаргал олон адуугаа хариулж маллан, өнтэй сайхан өвөлжиж байна. Эхнэртэйгээ хоёулаа малаа гардан маллаж байна. Өөр нутагтсан бол, өөр хэн нэгэнсэн бол хамжаатай, туслах малчинтай байхаар санагдавч өөрсдөө малаа маллахыг тэд эрхэмд үзжээ. Өвлийн сүүлийн сард тэднийхээр аяны дөрөө мулталлаа.

М.Батжаргалтай хөөрөлдлөө. Тэрээр ийнхүү ярьж байна. “2009 оноос мал маллан аж төрж байна даа. Өнөөг хүртэл олон төрлийн ажил хийжээ. Тэдгээрээсээ малчин гэх нэр, энэ амьдралдаа илүү дуртай даа. Уг нь би багш хүн. 1989-өөс 1994 он хүртэл сумын сургуульд бага ангийн багшаар ажилласан. 1997 онд сумын Засаг даргын Тамгын газрын даргаар мөн нэг жил хэртэй ажилласан. Төрөлх Онгон сумандаа буцаж очин 2000 он хүртэл Онгон Таван салаа хэмээх өвгөдийнхөө нутагт мал маллав. Эхнэрийн маань бие өвдөж нэг хэсэг завсарлаад 2000 ондоо буцаж Дарьганга сумандаа ирж, арав гаруй жил хувиараа бизнес эрхэлж, наймаа арилжаа юм юм л хийсэн. 2012 оноос дөрвөн жил Дарьганга сумын Засаг даргаар ажиллав. Мөн 2018 оноос хоёр жил сумын Тамгын газрын даргаар ажиллалаа. 2020 оноос л яг малаа гардан маллаж байна. Энд дурдаж байгаа он жилүүдэд малаасаа салаагүй, гэхдээ яг өөрөө маллаж амждаггүй байлаа.

Мал маллахын тухайд энэхүү арга ухааныг бусдын нэгэн адил өвгөдөөсөө л өвлөсөн. Малчин хүн хүйтэн байна, шуурга нүдгүй шуурч байна гээд гэртээ суугаад байх эрх байхгүй шүү дээ. Морио унаад малдаа явахад юутай ч осгож хөлдөөд үхэхгүй байх хэмжээний дадал ухаан бий гэж боддог. Малаа дөрвөн төрөл дээр чамгүй сайн өсгөсөн. Үхэр л гэхэд Сэлэнгээс улаан толгойт, ангус үүлдэрийн үхэр авчирч, сүргийн бүтцээ сэлбэж байлаа. Адуугаа, бог малаа ч боломжийн өсгөж үржүүлсэн. Хүн бүр л ярих байх хоёр жилийн өмнө тохиосон их зуд малыг маань нэлээн сайн “цөөлж өгсөн” дөө. Тэр хэцүү өвөл хаврын зуд турханд, их цасанд, онцгой хүйтэнд монгол мал, нутгийн мал илүү юм байна гэдгийг яс махаараа ойлгосон. Эрлийзжүүлсэн мал, нөгөө сайн үйлдэрийн үхрүүд хэдхэн хоногт, бүр турж амжихгүйгээр, тарганаараа хорогддог юм билээ. Нутгийн үхэр тэгэхгүй шүү дээ. Цастай шуургатай байсан ч өөрсдөө бэлчээд, хоолоо олоод идчихнэ. Зөвхөн үхэр л тийм байсан хэрэг биш. Адуу, хонь ямаа ч ижил. Эрлийз болоод ирэхээр л хэврэг болдог юм билээ. Гэхдээ дан нутгийн мал гэж явцуурах бас учир дутагдалтай байх аа. Эрлийз болголоо гэхэд хамгийн наад зах нь 25 хувьтай барих хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Зуданд 200 гаруй үхрийнхээ 80 хувийг алдсан. Монгол тал нь давамгайлсан мал л үлдэж байгаа юм. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр монгол мал, малчин хоёрт тодорхойлж чадамгүй нэг тийм нууц байна. Увидас ч гэмээр юм уу. Цаанаа л нэг өөр дөө. Ёстой л нөгөө даван туулах, тэсч үлдэх чадвар юм даа.

Төсөөлөөд үз дээ. Манай гэрээс үхрийн маань суурь, өвөлжөө гурав орчим километрт байсан. Өглөө болгон хоёр метр шахуу цасан хунгарыг ухаж гаргасан, өндөр цасан хана бүхий замаар гурван боодол өвс чарган дээр чирээд үхэртээ хүргэж өгнө. Тэр нь олон малд юу ч болохгүй. Сумын төв дээр 1000 боодол өвс, худаг дээрээ 400 боодол өвс уг нь хураачихаад байгаа. Юу юугүй цас дарчихсан болохоор өвсөө ихээр нь, бөөнөөр нь малдаа дөхүүлэх ямар ч боломжгүй байлаа. Ингэж зүтгэсний хүчинд монгол цус давамгайлсан голдуу 40 гаруй үхрээ авч үлдэж чадсан даа. Гэртээ түлш муутай. Хоол цайгаа л болгохоос дулаацах тухай ойлголт байхгүй. Шөнийн дүнд хоёр биеийнхээ элчээр дулаацаж, үүр цайлгаж байлаа.

Зуднаас бас нэг зүйлийг ойлгосон. Манай үхрээс үлдсэн хэд голчлон бараан судалтай хүрэн зүстэй байсан. Тэгэхээр манай эндэхийн шилмэл үхрийн ген тийм зүстэй үхэрт байна гэж бодох болсон. Үхэр маллаж байгаа хүн бухаа их ажиглах хэрэгтэй юм. Бух эцэж турахгүй, ядрахгүй байна гэдэг их чухал. Ямар бух тавих сонголт нь ч үүнтэй холбоо уялдаатай. Энэ ч бас зудны нэгэн сургамж. Олон жил цаг сайхан, зуд үзээгүй болохоор нутгийнхан маань нэг үгээр залхуу, мал нь ч тэсвэр муутай болоод байлаа шүү дээ. Үхрээ сургаар хариулдаг нэг хэсэг малчин ч байлаа. 2000 онд бас нэг зуд тохиосон. Тэгэхдээ хоёр жилийн өмнөхийг бодвол арай гайгүй өнгөрсөн. Энэ хооронд бид их тайвширчээ. Зуданд бас нэгэн сайн тал байна. Бэлчээрийг илтэд сэргээсэн. Хүний чанар, чадал чансааг таниулсан. Би л тэгж бодоод байгаа.   

Манай энэ нутагт зуны ид халуун өвлийн их хүйтэн яг л нэг нэг сар орчим үргэлжилдэг шиг санагддаг. Зундаа малдаа махан тарга сайн суулгавал онд сайн орж байгаа нь илтэд мэдэгдэнэ. Махан таргыг хуучин нийгмийн үед ахмад малчид зуны отор хийж авахуулдаг байлаа. 1990 оноос өмнө бүр Дорнодын Тамсагбулаг, манай зүүн талын Эрдэнэцагааны нутгаар оторлодог байлаа шүү дээ. Нэг олзуурхууштай нь манай энэ нутаг “эр” өвс ихтэй. Эр өвс гэдэг нь хялгана юм. Шилийн Богдын энэ бүс нутаг өвсний гарц сайтай, худаг ус л жаахан тааруу. Дөрөв таван газар усны хайгуул хийлгээд, худаг ухуулаад гаргаж чадаагүй айл ч бий. Тиймдээ ч биз мөн алс хязгаар нутагтаа ч байдаг биз, баячуудын зугаа олон малын хөлөөр өвс бэлчээр маань талхлагдаагүй л байна. Дорнодын Матад хавиар явж л байсан. Арай л дэндүү болгож байгаа юм билээ. Таван айл нийлээд хотын мөнгөтэй баячуудын 2000 үхрийг хариулж, маллаж байхад бэлчээр яаж тэсэх вэ.

Бид хоёр хот хүрээ явах дургүй. Сүүлийн үед сум руугаа ч цөөн орж байна. Яалт ч үгүй түлш шатахуун гэх ажлаар явах юм даа. Бусад хүнд эзэнгүй мэт санагдах энэ нутагтаа малаа өөрсдөө маллаад ингэж суухаас өөр жаргал гэж хаана байх вэ. Эрүүл агаар, эрүүл хүнс, сэтгэлийн их амар амгалан чинь хамгийн дээдийн жаргал биз дээ. 

Өвөлжөө хашаа, бууцыг гэрчилгээжүүлж байгааг би хувьдаа зөв гэж боддог. Нэгэнт л хуультай улс юм бол түүгээрээ л байх хэрэгтэй. Наад захын жишээ нь залуус гэрлээд өөр нутагт хүргэн, бэр болоод очлоо гэхэд хэрэв өөрийн болон эцэг эхийн нэр дээр гэрчилгээтэй өвөлжөө бууцгүй бол шилжүүлэг хийх боломжгүй шүү дээ.

Залуу малчид нүдний гэм боллоо. Энэ бас нэг санаа зовох зүйл. Туслах малчинтай болох гэж олон удаа оролдсон ч нэг л болж өгөөгүй. Ажилд баахан дургүй, сумын төв “дэлгүүрт ойрхон” байхыг л эрхэмлээд байна уу гэж бодох юм” хэмээн санаснаа илэн далангүй ярьж байлаа.

Өнөө жил М.Батжаргал эхнэр Э.Үржинбадамтайгаа хоёул 600 гаруй адуугаа маллан онд тарган оруулж байна. Цөөвтөр гэх ч 30 гаруй үхрээ мөн маллаж байна. Алсын бараандаа уудам шаргал тал налайн, халуун намраараа мэт харагдавч энэ нутгийн өвс өндрөөс болж байгаа хэрэг. Цастай л байна лээ. “Сайхан таарсан цастай, сайхан өвөл шүү” гэцгээж байна. Эднийх өнгөрсөн онд шинэ Ланд Круйзер-79 машин худалдан авчээ. Өглөө бүр машиныхаа тэвшин дээр хужир ачиж, 30 гаруй азарга адуугаа Таван толгойнхоо тэрүүхэн ар хонхорт бөөгнүүлж, хужирлаад сургачихсан аж. Жилд 100 гаруй адуу худалдаж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг гэнэ. Эргээд жилд 100-150 орчим гүү унагалж, янз бүрийн шалтгаанаар унага эндэж хорогдлоо гэхэд 120 орчим унагыг даага болгох боломжтой гэлээ. Мөн эднийх тийм ч хямд биш өртөгөөр хот хөдөөд шинээр нэвтрээд буй нарны зайн өндөр үзүүлэлт бүхий үүсгүүрийг бүр системээр авсан, хараахан суурилуулж амжаагүй гэж байна. Түүнийгээ угсарчихвал худаг, өвөлжөө бууцаа камержуулах, ухаалаг аргуудыг нэвтрүүлэх тухай санааг хэлж сууна. Жишээ нь, адуу худаг дээр ирэхэд ухаалаг удирдлага онгоцыг усаар дүүргэн, худгаас холдоход зогсоох юм байна. Малчны хөдөлмөрийг энэ мэтээр олон төрөлд хөнгөвчлөх их ажил сэдэн, зах зухаас нь хэрэгжүүлээд эхэлжээ.  

мэдээ

  • Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

    “Тогтвортой ноос ноолуурын эвсэл” ТББ, Мал эмнэ...
  • Нэг эрүүл мэндийн сургалтууд эхэллээ.

    Нэг эрүүл мэнд үзэл баримтлал нь салбар дамнаса...
  • Сүхбаатар аймаг болон төслийн зорилтот сумдад ноос, ноолуур, мах, арьс ширний салбарт чиглэсэн олон улсын болон үндэсний ногоон санхүүжилтийн үнэлгээ”

    Дасан зохиоцохуйн зам” төслийн нэгэн гол бүрэлд...
  • Монгол мал, малчинд өөрийн гэсэн нууц бий гэж итгэдэг

    Дарьганга сум, Бадрах хоёрдугаар баг, Шилийн Бо...
  • Монгол малчин морьтойгоо байхад алзахгүй

    Сүхбаатар аймгийн Мөнххаан сум, Баян-Уул Хоёрду...

Дасан зохицохуйн зам

"Нэг эрүүл мэнд" хөтөлбөрөөр дамжуулан малчин зон, мал амьтан, тал хээрийн шүтэлцээг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой ирээдүйг Сүхбаатар аймагт цогцлоож байна.

Хэрэгжих бүс нутаг

  • Төслийн тухай
  • Баг, хамт олон
  • Бидний үнэт зүйл
  • Таны оролцоо

Нэг эрүүл мэнд

  • Төслийн тухай
  • Баг, хамт олон
  • Бидний үнэт зүйл
  • Таны оролцоо

© 2026 "Дасан зохицохуйн зам" төсөл. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Нууцлалын бодлого | Ашиглах нөхцөл

TOP