FORGOT YOUR DETAILS?

Баяндэлгэрийн улаан үүлдрийн ямааны цөм сүргийг хадгалан үлдэх төсөл

Баяндэлгэрийн улаан үүлдрийн ямаа нь нарийн ноолуур, мах сүүний хосолмол ашиг шимтэй үүлдэр.

Ноолуурын чиглэлийн тус ямаа нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумаас гадна Түвшинширээ, Уулбаян, Баруун-Урт, Онгон, Наран сумдад голчлон үржүүлэгддэг.  Сүхбаатар аймгийн бүх сумын болон Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн хил залгаа сумын ямаан сүрэгт сайжруулагчаар ашиглаж байна.

Баяндэлгэр үүлдрийн ямаа говь, цөлөрхөг, тал хээрийн бүс нутгийн бэлчээрийн маллагааны нөхцөлд сайн зохицсон, цайвар шаргал, улаан шаргал, үзмэн хүрэн зүстэй, заримдаа духандаа сартай, гэдэргээ  хааяа шовгор хэлбэрийн эвэртэй, эвэр туруу нь бараан,  тэсвэр сайтай зэрэг онцлогтой.

Үндсэн ашиг шим болох ноолуур нь ялимгүй улбар улаан туяа бүхий цайвар өнгөтэй, уян зөөлөн, торгомсог, үйлдвэрт боловсруулахад будаг сайн авдаг.

Сүхбаатар аймагт 2023-2024 оны зудаар Сүхбаатар аймгийн хэмжээнд нийт малын 52,1 хувь тэр дундаа нийт ямааны 57.6 хувь, Баяндэлгэр суманд нийт малын 39,7 хувь, Баяндэлгэрийн улаан үүлдрийн ямааны 44.7 хувь буюу 86,343 толгой ямаа хорогдож, тоо толгой нь 2023 оноос огцом буурчээ.

Цас зудын аюулт үзэгдлээс шалтгаалан малын тоо толгой хэт цөөрч, сүргийн нөхөн үйлдвэрлэл хэвийн явагдах боломжгүй болж, малчид арга буюу бусад аймаг сумдаас хар, цагаан зүсмийн ухна авчирч сүрэгтээ хээлтүүлэгчээр ашигласнаас болж сумын хэмжээнд ямааны үүлдэрлэг байдал алдагдаж Баяндэлгэрийн улаан үүлдрийн цөм сүрэг үгүй болох эрсдэлд хүрээд байна.

Малын үржлийн ажил, үйлчилгээ, зохиомол хээлтүүлгийн аргыг үр дүнтэй хэрэгжүүлснээр байгаль орчин, хүний хүчин зүйлээс шууд хамаарал бүхий  мал аж ахуйн салбар, түүний дотор Баяндэлгэрийн улаан үүлдрийн ямааны цөм  хадгалах, чанартай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг тогтвортой нэмэгдүүлэх тааламжтай нөхцөлийг бүрдүүлэх төслийн зорилго оршино.

2025 онд төслийн хүрээнд “Нутаг академи” ТББ нь богино хугацаанд ямаан сүргийн үүлдэрлэг байдлыг сайжруулан нэгж малаас авах ашиг шим болон цөм сүргийн тоог нэмэгдүүлэх хамгийн үр өгөөжтэй, биотехнологийн дэвшилтэт арга болох зохиомол хээлтүүлгийн аргыг малын үржлийн ажлыг үндсэн эх сууриас нь сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах болон малчидтай холбоотой бусад үйлчилгээтэй зэрэгцүүлэн цогцоор нь хэрэгжүүлж, төлөвлөсөн ажлуудаа Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд 2 үе шаттайгаар (хавар, намар) амжилттай гүйцэтгэсэн. Баяндэлгэр сумын Дэлгэр багийн 855 ямаанаас 605 ямааг зохиомол хээлтүүлэгт хамруулж ажилласан.

Цаашдын зорилго:

  1. Зохиомол хээлтүүлэгт хамрагдсан ямааны ирэх оны төллөлт, төл бойжилтын дүнг 70 хувьд хүргэх.
  2. Дээрх хувиар тооцоход 2026 онд 400 орчим толгой төл хүлээн авч, 2027 онд тэдгээрийн 50 хувийг эр ишгээр тооцоход ойролцоогоор 200 толгой цэвэр үүлдрийн ухнаар цөм сүргийг сэлбэн ноолуурын ямааны сүргийн бүтэц, ашиг шимийн гарц зохистой түвшинд хүрч, удмын сан нь хамгаалагдан, уугуул орчин, нутаг усандаа зохицсон, ямаан сүргийг тогтвортой өсгөх хангалттай боломж бүрдэнэ.
  3. Цэвэр үүлдрийн ямааг өөр дотор нь шилэн сонгож үржлийн ажлыг явуулснаар жилд бэлтгэх ноолуурын хэмжээ тодорхой хувиар нэмэгдэн, малчин өрхийн орлого, амьдралын чанар сайжирна.
  4. Орон нутгийн малчдын орлого, амьдралын чанарт бодитой ахиц өөрчлөлт гарна
TOP