FORGOT YOUR DETAILS?

Мэдээ, мэдээлэл

“Нэг Эрүүл Мэнд”-ийн сургагч багш бэлтгэх олон улсын сургалт

“Дасан зохицохуйн зам: Малчин – мал амьтан – тал хээрийн цогц эрүүл мэнд” төсөл нь Монголын тал хээрийн бүс нутгийн малчин, мал, амьтан ба бэлчээрийн тогтвортой байдлыг бэхжүүлэх таван жилийн хамтын ажиллагааны төсөл юм.

Энэхүү төсөл нь өвөрмөц газар нутгийн нөхцөлд Цогц Эрүүл мэнд (One Health) хандлагыг нэвтрүүлснээр уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал алдагдах, газар ашиглалтын доройтол, эрүүл мэндийн эрсдэл зэрэг хоорондоо уялдсан сорилтуудыг шийдвэрлэх зорилготой.

Төслийг олон талын хамтын ажиллагааны хүрээнд боловсруулсан бөгөөд хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, олон улсын байгууллагууд (Одиссей Консервешн Траст), НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD) оролцож, Монголын Засгийн газар болон орон нутгийн малчидтай хамтран төлөвлөсөн.

Өнөөгийн Монгол улс чухал сорилтын өмнө байна. Уур амьсгалын өөрчлөлт хурдтайгаар нөлөөлж, 2023–2024 оны гамшигт зудын адил давтамж, эрсдэл ихтэй үзэгдлүүд гарч байгаа нь зөвхөн мал төдийгүй хүний эрүүл мэнд, зэрлэг амьтан, бэлчээрийн ашиг шим, хүнсний аюулгүй байдал, мөн Монголын эдийн засгийн тулгуур болох ноолуур зэрэг малын гаралтай бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээг эрсдэлд оруулж байна. Иймд салбар хоорондын уялдаагүй байдлыг даван туулж, системийн шийдлийг хэрэгжүүлэх нь цаг үеийн чухал шаардлага болжээ.

Нэг Эрүүл Мэндийн сургагч багш бэлтгэх олон улсын сургалтын багш нар Монгол улсад ирж, сургалтын бэлтгэлээ хангаж байна.

“Нэг Эрүүл Мэнд”-ийн сургагч багш бэлтгэх олон улсын сургалтын хөтөлбөр нь дээрх сорилтод шууд хариу болгож зохион байгуулагдаж байна. Тус сургалтын зорилго нь нийтийн эрүүл мэнд, мал аж ахуй, зэрлэг амьтан ба байгаль орчны эрүүл мэнд, газар тариалан ба ургамлын эрүүл мэнд зэрэг төрөл бүрийн салбарын Монгол мэргэжилтнүүдийг ‘Нэг Эрүүл Мэнд’-ийн онолыг бодит практикт хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадамж дадал, ойлголттой болохыг дэмждэг
Энэхүү сургалтыг онцгой болгож буй зүйл нь зөвхөн онол биш, бодит амьдралд хэрэгжүүлэх чадвар, практик ур чадварт төвлөрсөн явдал юм. Энэ нь оролцоо өндөртэй, практик туршлагад төвлөрсөн сургалт бөгөөд сургагч багш нарт ‘Нэг Эрүүл Мэнд’-ийн зарчмуудыг ашиглан өөрийн мэргэжлийн сорилтуудыг даван туулах чадвар олгоно.
Оролцогчид нийгэм-байгаль орчны нарийн бүтэцтэй системүүдийг илүү гүнзгий ойлгож, зорилтот арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх чадвараа сайжруулж, бусад мэргэжил, салбар, төрийн болон иргэний нийгмийн байгууллага, олон нийттэй хамтран шийдлийг боловсруулах туршлага эзэмшинэ.

Сургалт нь мөн хүйсийн тэгш байдал, уламжлалт мэдлэг, оролцогч талуудын идэвхитэй оролцоог нэгтгэхийг онцлон, ‘Нэг Эрүүл Мэнд’-ийн зарчмыг Монголын соёл, нийгэм-орчны бодит нөхцөлд амжилттай нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ.
Энэхүү хөтөлбөрийг олон улсын түвшний хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлнэ. Их Британийн Хатан Хааны нэрэмжит Мал эмнэлгийн коллеж (Royal Veterinary College (RVC), Льежийн Их Сургууль (University of Liège), Одиссей Консервешн Траст (Odyssey Conservation Trust ), Тогвортой Ноос Ноолуурын Эвсэл (Sustainable Fibre Alliance) зэрэг байгууллагууд салбар хоорондын мэдлэг, практик туршлагыг нэгтгэн ажиллах бөгөөд Эл-Ви-Эм-Эйч (LVMH) болон Лоро Пиана (Loro Piana)-ийн бүрэн дэмжлэгтэйгээр хэрэгжих юм.


“Дасан зохицохуйн зам: Малчин – мал амьтан – тал хээрийн цогц эрүүл мэнд” төслийн “Нэг Эрүүл Мэнд”-ийн сургагч багш бэлтгэх олон улсын сургалтыг төгсөгчид хүн, мал, амьтан, байгаль орчны эрүүл мэндийн хоорондын уялдаа холбоог ойлгож, бусдыг удирдах, сургах, урамшуулах чадвартай болно. Төгсөгчдийн мэдлэг, туршлага нь Монголын малчид, эрүүл мэндийн ажилтан, оюутан, сурагчид< бодлого тодорхойлогчдын хүрээнд дамжсанаар Нэг Эрүүл Мэндийн үзэл баримтлалыг практик, соёлд амжилттай нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулж, хүн ба байгальд илүү ээлтэй, тэгш, тогтвортой ирээдүйг бүтээхэд дэмжлэг үзүүлнэ.

TOP